Sunday, September 4, 2022

муу ажилтан, муу ээж байсан минь

 Нялх хүүхдээ асрангаа гэрээсээ бүтэн цагаар ажилласан миний туршлага.

Хүүгээ 4 сартай байхад, ажилдаа бүтэн цагаар орох шийдвэр гаргахад,  байгууллагын соёл,  миний ажлын онцлогоос гадна Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэрээс ажиллах нь new normal болоод байсантай холбоотой байх.

 

8 сарын хугацаанд сайн ажилтан ч биш, сайн ээж ч биш зүгээр л нэг ядарч, бухимдсан эмэгтэй уйлж  суусан өдрүүд олон байсныгаа нуухгүй ээ.  За тэгээд  нуршилгүйгээр хүүхдээ харангаа ажлаа амжуулах гэж хичээсэн туршлагаа хуваалцъя.

 

1.       Хүүгээ унтах хооронд чухал ажлуудаа амжуулах. Хамгийн чухал гэсэн ажлуудаа унтаж байхад нь амжуулахаар дайрна. Бичих зүйлсээ толгойндоо төсөөлж бэлтгэж байгаад утас, чат гэх мэт сатааруулах зүйлсээ хойш тавиад хурдан хугацаанд амжуулах гэж хичээдэг байсан. Хүүгээ сэрүүн байхад зүүм хурал, утсаар ярьж амжуулах ажлуудаа хийх хоорондоо хүүтэйгээ тоглоно. Зарим өдрүүдэд ажлын 8 цаг оффистоо амжуулахаас ч үр дүнтэй байлаа гээд өөрийгөө урамшуулдаг байсан. Тогтсон цагийн хуваарьтай байх нь их тустай байсан гэж боддог, Өдөрт 10-11 , 16-17 цагийн хооронд унтана, арай том болоод 12-14 цагийн хооронд өдрийн унтлага, орой 8 цагаас унтдаг хүү маань ээждээ их ажил амжуулж өгч байгаагаа өөрөө мэдэхгүй юм даа.

Богино хугацаанд үр дүнтэй ажиллахад тусалдаг Pomodoro Technique -г туршаад үзэхэд илүүдэхгүй.

Хүүгээ салхилуулж суух хоорондоо гар утаснаасаа мэйл шалгах, зүүм хуралд оролцох нь цаг хугацааг үр ашигтай зарцуулж байгаа мэдрэмж өгдөг байлаа.

2.       Гэрийн ажлаа хамтдаа хийх. Гэрийн ажлаа нөхөр бид 2 -н хэн боломжтой нь л хийж, заримдаа ч цэвэрлэх, янзлах гэж өөрийгөө бухимдуулахгүй хөглөрөөд байж байхаасаа санаа зовдоггүй нь миний давуу тал бүүр супер чадвар юм байна лээ. Нөхөр маань өглөөний цай, заримдаа өдрийн хоолоо ажлаасаа ирээд хийнэ, хүүтэйгээ тоглож, салхилуулж байхад би ажлаа амжуулахыг хичээж багаар ажилладаг юм.

3.       Бодит байдалтай эвлэрч өөрийгөө уучлах. Хүүхдийнхээ хажуугаар ажиллахад үнэхээр тэнэг алдаанууд их гаргана. Энэ үед өөрийгөө аль болох уучилж,  алдаа гаргасандаа хамт ажиллагсдаасаа уучлал гуйх нь тийм ч ичгэвтэр зүйл биш гэж өөртөө итгүүлэх нь чухал санагдсан. Мэйлийнхээ хавсралтыг мартаж явуулж, (Image) энэ Meme надад зориулагдсан юм шиг л санагдаж, зүүм хурлын үеэр гэрээ шатаах шахаж, орцоороо дүүрэн утаа май болон уйлж суусан фактууд зөндөө. Тэглээ гээд өөртөө хатуурхахын оронд энэ бүхний хүлцэж, чамайг ойлгож байгаа хамт олон, удирдлага, гэр бүлийнхэндээ талархаж байсан.

Миний хувьд өөрийнхөө туршлагыг хуваалцснаараа ээжүүдийг заавал ажил хийх ёстой гэсэн дарамт үүсгэх биш гэрээсээ нялх хүүхэдтэй ажиллах нь боломжгүй зүйл биш, албан байгууллага, компаниуд ээжүүдэд ажлын уян хатан нөхцөл санал болговол сэтгэл зүрх гаргаж өөрийгөө дайчлан ажиллах, итгэл зүтгэлтэй ажлын хүч болдог гэдгийг л хэлэхийг хүслээ.